АНУ-ын цэргийн хүчнийхэн Тайванийн армийг байлдааны бэлэн байдалд бэлтгэх сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө баталсан байна. АНУ-ын хуурай замын цэргийн хүчнийхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус аралд байршиж цэргийн бэлтгэл сургуулилтыг удирдан явуулж байгаа гэдгийг тэрээр мөн дурджээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Тайванийн арлын аюулгүй байдал, тусгаар тогтнолд НҮБ-ын гишүүн орнууд анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлхийг өчигдөр Цагаан ордны сонсголын үеэр шаардсан. Түүний хийсэн мэдэгдлийн дараа БНХАУ-ын талаас АНУ-ын гаргаж байгаа шийдвэрүүдийг буруутгаад тус улсын хуурай газрын цэрэг Тайванийн аралд нууц ажиллагаа явуулж байгаа талаар баримтыг дэлгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Тайванийн арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь “СNN” агентлагийн ярилцлагад орох үеэрээ эдгээр баримтуудыг үнэн гэдгийг баталжээ. АНУ-ын хуурай газрын цэргийн хүчнийхэн байлдааны бэлэн байдалд бэлтгэх сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр Хятад, Тайванийн нөхцөл байдал хүндэрвэл Тайванийн захиргаа АНУ-аас дэмжлэг авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 1979 онд АНУ-ын Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн тогтоолд “БНХАУ-ын нэг Хятад бодлогын хүрээнд эмх замбраагүй байдал үүсч Тайванийн аралд аюул заналхийлэл тулгарвал АНУ цэргийн тусламж үзүүлнэ” гэж тусгасан байдаг юм байна. Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайвань руу зугтан гарсны дараа БНХАУ-ын Төв засгийн газар болон түүний арлын хоорондын албан ёсны харилцаа 1949 онд дуусгавар болжээ.