Өнөөдөр нийслэлийн 382 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 7-р сард баталсан Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг УИХ-ын дарга хотын удирдлагуудад хүлээлгэн өгчээ. Тус хууль нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, нийслэл өөрийн дүрмээр асуудлаа шийдвэрлэдэг болоход хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд 27 жилийн дараа өөрчлөлт оруулжээ. Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн дунд 15 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цахим хуудсанд байршуулж, холбогдох саналыг тусгасан гэлээ.
Хуулийн шинэчлэл нь нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд эрх зүйн талаас бүх боломжийг нээсэн. Мөн бие даасан эдийн засагтай болох суурийг тавьж байгаа нь нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшил авчирна гэсэн хүлээлттэй байгаагаа хотын дарга илэрхийлжээ.
Цаашид бодлогын түвшинд энэ хурдаараа явбал 10 жилийн дотор нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж хотын дарга хэлсэн байна.