НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли өнгөрөгч лхагва гарагт “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө дэлхийн баячууд хөрөнгийнхөө өчүүхэн хэсгийг хандив болгож өгвөл дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн 42 сая хүний амийг аврах боломжтой хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбумтан Илон Маскийн хөрөнгийн дөнгөж хоёр хувиар 42 сая хүний амыг аврах боломжтой гэдгийг ч мөн онцолжээ.
Тэрбээр улс орнуудын засгийн газрууд өлсгөлөнгийн эсрэг боломжтой бүхнээ хийж байгаа гэдгийг онцлоод харин тэрбумтнууд энэ удаа өгөөмөр хандах цаг ирсэн хэмээсэн байна. Олон улсын тэрбумтнууд зургаан тэрбум ам.доллар өгч чадвал өлсгөлөнгийн улмаас амиа алдахын ирмэгт байгаа 42 сая хүнийг 7 хоногийн дотор аврах боломжтой байна. АНУ-ын топ 400 тэрбумтны хөрөнгийн нийлбэр хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.8 их наяд ам.доллароор өссөн, энэ хөрөнгөний дөнгөж 1 хүрэхгүй хувийг буяны үйлсэд зарцуулахыг Дэвид Бизли уриалсан байна. Хэрвээ тэрбумтнууд хүсэж байвал би бодит байдлыг газар дээр нь танилцуулахад бэлэн байна гэдгээ мөн нэмж хэлжээ. Өнгөрсөн онд 155 сая хүн өлсгөлөнгийн улмаас хоол хүнсний хомсдолд орсон бол тэдний 42 сая нь хамгийн хүнд нөхцөлд амиа алдах эрсдэлтэй өдөр бүр нүүр тулж байгаа гэдгийг НҮБ-аас гаргасан тайланд дурджээ.