БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт өчигдрөөс эхлэн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсэж, дизель түлшийг жолооч нарт хязгаартай худалдаж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Тус улсын олон нийтийн сүлжээ болох “Вэйбо” хуудсанд шатахууны дараалалд зогсож байгаа талаараа жолооч нар мөн мэдээлсээр байна.
Олон улсын тээвэр зуучын салбарт үүсээд байгаа хямралтай холбоотойгоор БНХАУ шатахууны хомсдолд орж эхэлж байгаа талаар шинжээчид мэдэгдсэн байна. Мөн одоо тулгараад байгаа дизель түлшний хомсдол нь бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх бизнест голлон нөлөөлж байгаа. Үүнийг дэлхий дахинд нүүрлээд байгаа бүх төрлийн ачаа тээврийн нийлүүлэлтийн хямралтай мэргэжилтнүүд холбон тайлбарласан байна. “Ковид-19”-ийн халдварын дараах эдийн засгийн сэргэлт, бараа бүтээгдэхүүний өндөр эрэлттэй холбоотойгоор өнөөдөр дэлхий дахинд ложистик, хангамж нийлүүлэлтийн томоохон хямрал үүсээд байгаа. Хэбэй мужид шатахуун түгээх станцууд ачааны автомашин тутамд 100 литр хүртэл дизель түлш зарах хязгаарлалт тогтоосон тухай Хятадын дотоодын мэдээний агентлаг мэдээлжээ. Хятадын бусад бүс нутгуудад үүнээс ч багаар хязгаарлалт тогтоосон тухай мэдээ ирсээр байна. Үүнээс гадна Фуянь хотод шатахууны саваа дүүргэсэн тохиолдолд жолооч нараас 300 хүртэл юанийн буюу 50 ам.долларын нэмэлт төлбөр авч байгаа тухай мэдээлжээ. Энэ оны намрын саруудад Хятадад нүүрс, байгалийн хийн хомсдол үүсэж, үнэ ханш нь дээд хэмжээндээ тулж өсөөд байгаа. Үүнээс үүдэлтэй эрчим хүчний хомсдолын улмаас үйлдвэрүүд хаагдаж, айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хязгаарлах болжээ. Түүнчлэн дэлхийн улс орнууд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, газрын тос зэргийн хомсдолд өртөөд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нөхцөл байдал ирэх оны сүүл хүртэл үргэлжилнэ гэдгийг судлаачид мэдээлээд байгаа юм.