Энэ оны төсөвт тусгаснаар инфляцыг 6.7 хувьд барих зорилтыг хангаж чадах уу?

Сар шинийн баярын өмнөхөн тэтгэврийг нэмсэн нь угийн 13.4 хувьд хүрчхээд байгаа инфляцийн өсөлтөд мөн л тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж зарим эдийн засагч хэлж байна. Энэ оны улсын төсөвт инфляцыг 6,7 хувьд барина гэж засгийн газраас тооцоолоод байгаа. Мөн энэ тооцоолол, зорилтоо хангах боломжтой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм. Тэгвэл зарим эдийн засагч, судлаачид инфляцын өсөлтийн голлох шалтгаан болсон хил боомт, тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа цагт цаашид ч инфляцийг барьж чадахгүй, инфляц өснө гэж тооцоолж байна.

Хэдийгээр энэ оны төсөвт ахмадуудын тэтгэврийг нэмэх төлөвлөгөө тусгагдаагүй буюу улсын төсвийн зардлыг нэмэгдүүлээгүй ч төсвийн зохицуулалт хийж тэтгэврийг инфляцтай уялдуулан дунджаар 15 хувь нэмснээр нийгэмд бэлэн мөнгө нийлүүлэгдэж байна. Тэтгэврийн нэмэгдэлд энэ онд нийт 637.5 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэврийн нэмэгдэл инфляцыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлөхгүй ч тодорхой хэмжээнд нөлөөлөх нэг хүчин зүйл гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Дэд бүтэц зам тээврийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж импортын барааны нийлүүлэлтээс үүссэн инфляцын огцом өсөлтийг сааруулах нь зүйтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа бол засгийн газрын зүгээс инфляц 6.7 хувьд хүрч тогтворжино гэсэн байр сууриа хадгалж байна.

Инфляц өсч хоёр оронтой тоонд хүрсэн цагаас эхлэн Монголбанк болон засгийн газрын зүгээс импортын барааны хомстол, цөөн нэр төрлийн барааны үнийн өсөлтөөс үүдсэн түр зуурын өсөлт хэмээн дүгнэсээр байгаа ч одоогоор инфляцад бууралт ажиглагдаагүй. Цаашид хэрхэх нь тодорхойгүй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар буурсан өдрүүд үргэлжилсээр байна.