Хуучин орон сууц дахин төлөвлөх төслийн хүрээнд 823 өрхийн найман орон сууц ашиглалтад оруулжээ

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахаа больсон, нурах эрсдэлтэй орон сууцны 234 барилга байдаг нь тогтоогдсон. Эдгээр барилгуудаас 77-д нь дахин төлөвлөлт хийхээр болж, улмаар 27-г нураасан бөгөөд  барилгын ажил үргэлжилж байна. Гэвч үлдсэн барилгуудад акт тогтоочихоод байхад иргэд өнөөдрийг хүртэл эрсдэлтэй орчинд амьдарсаар байна. Оршин суугчид нь шилжин суурьших боломжгүй эсвэл тухайн байршил нь төвөөс алслагдсан гэх шалтгаанаар барилгын компаниуд тендерт оролцдоггүй байна.

НМХГ-ын дүгнэлтээр 2014 оноос хойш хүн амьдрахыг хориглож, актласан орон сууцанд амьдардаг иргэдийн дунд санал асуулга явуулахад 80 хувь нь дэмжиж, 145 барилгыг шинээр төлөвлөхөөр болсон. Нийт 3400 өрх тухайн актлагдсан барилгад амьдарч байсан бөгөөд төслийн хугацаанд 531 айлын 27 барилгыг нурааж, 823 айлын 8 орон сууц ашиглалтад оруулжээ. Эдгээр өрхийн 215 нь хуучин орон сууцныхаа суурин дээр баригдсан шинэ орон сууцанд амьдрах болжээ.

2015 оноос өмнө хот суурин газрыг дахин хөгжүүлэх гурван талт гэрээ байгуулаагүй үед оршин суугчид хохирох тохиолдол гардаг байсан бол энэ байдал одоо өөрчлөгдсөн гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Гагцхүү одоо дахин төлөвлөлт хийхээр зураг төсөл, байршил батлагдсан хуучин орон сууцууд байгаа ч төвөөс алслагдсан, дэд бүтэц муутай гэх шалтгаанаар тендер удаа дараа зарлагдсан ч өдийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй хэд хэдэн орон сууц байна. Тухайлбал нисэхийн 34, 35-р байрыг нурааж, дахин төлөвлөхөөр 4 удаа тендер зарласан ч өдийг хүртэл амжилтгүй болжээ.

Дахин төлөвлөх шийдвэр гарсан 145 барилгуудыг байршлаар нь 51 багц болгосон. Одоогоор БГД-ийн 2, 20-р хорооны нутаг дэвсгэрт, БЗД-ийн 3, 8, 10, 11, 13, 16, 23, ХУД-ийн 10, 12, 3, 11, СХД-ийн 18, 19, 20, 27, ЧД-ийн 2, НД-ийн 2-р хороо, СБД-ийн 6, 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий, 1970-аад оноос өмнө баригдсан орон сууцууд байна.