Сард 10.000 тонн үр тариа цэвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

Монголдоо төдийгүй Азидаа ганц, тусгай техник, технологийн дагуу угсрагдсан бүх төрлийн, их хэмжээний үр цэвэрлэх, ариутгах үйлдвэр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байх “Гацуурт” ХХК-ийн газар тариалан мал аж ахуйн төв салбарт ашиглалтад орлоо. Уг үйлдвэр нь хүн хүч, цаг хугацааг хэмнэх бөгөөд манай улсын жилийн нийт үрийн болон үйлдвэрийн улаанбуудайг цэвэрлэх хүчин чадалтай юм. Бүх төрлийн таримал ургамлын үр цэвэрлэх, ариутгах үйлдвэр нь нэг цагт 28-30 тонн үрийн буудайг дөрвөн шат дамжлагаар цэвэрлэж ариутгадаг байна. Харин үйлдвэрийн улаанбуудайг хоёр шат дамжлагаар цагт 90 тонныг цэвэрлэх хүчин чадалтай аж.

Үр тариа цэвэрлэх үйлдвэрийн эхний шат дамжлагаар үр тарианы том хогийг ялгадаг бол хоёр дахь дамжлагаар үр тарианы нарийн хогийг ялгаж цэвэрлэдэг байна. Гурав дахь болон дөрөв дэх дамжлагат стандартын жин хэмжээгээр үрийн буудайг ангилж гардгадаг байна. Дани улсад захиалж эх орондоо угсарсан тус үйлдвэр нь манай улсад газар тариалан хөгжсөн 60 жилийн хугацаанд анх удаа үйл ажиллагаагаа явуулж байгаагаараа онцлог юм. Нэг ээлжиндээ 2-3 хүн бүрэн автоматжуулсан тус үйлдвэрт ажилладаг. Одоогоор тус үйлдвэр хоёр ээлжээр 24 цагаар үр цэвэрлэж,ариутгаж байна.

Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үр тариа хураалтын ажил өмнөх жилийнхээс хоёр дахин удаашралтай байсан. Үр тариа хураалтын ажил удаашрахад боловсруулалтын бүхий л дамжлага ажиллагаанууд удааширч хойшлох магадлалтай байдаг. Харин энэ нь иргэдийн үр тарианы хүнсний хангамж нөөц, бүтээгдэхүүнийн үнийн асуудалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэхэд үр тариаг ангилж, цэвэрлэж, ариутгах үйлдвэр томоохон хувь нэмэр оруулах юм. Бүрэн автоматжуулсан тус үйлдвэр өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад орсон байдаг.

Б.Хулан