Үхрийн шир 10.000, ноолуур 115.000-120.000, хонины нэхий 800-1000 төгрөгийн ханштай байна

Хотоос баруун тийшээ эмээлт зах дээр таван хошуу малын арьс, шир, ноос, ноолуур зэрэг гадна түүхий эдийг авдаг. Тэгвэл 2016 оноос хойш урд хөрш рүү адууны шир экспортлоогүй байна. Үүнээс болж эмээлт орчим 600 мянга гаруй  адууны шир хуримтлагдан муудаж хогийн цэгт хаягдах нөхцөл байдал үүсээд байна. 

Эмээлт зах дээр дэл сүүлтэйгээ байгаа адууны ширийг 10-12 мянган төгрөгөөр авч байна. Өмнө нь 60-70 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо дэл сүүлний үнээр бодож авч байгааг  ченжүүд ярьж байна. Одоогоор эмээлт зах дээр шинэ болон 2-3 жил давсалж хураасан 600 мянга гаруй түүнээс ч их адууны шир байна.

Адууны шир ийм их хэмжээгээрээ хуримтлагдсан нь Засгийн газрын 330-р тогтоолтой холбоотой болохыг түүхий эдийн худалдаачид ярьж байна. Тогтоолын хэрэгжилтийг хангахгүй учраас 2016 оноос нэг ч адууны шир БНХАУ-руу экспортлоогүй байна. Засгийн газрын уг тогтоолд угаагдсан адууны дэл сүүл, боловсруулсан ширийг урд хөршрүү экспортлохоор тусгажээ.

Эмээлт зах дээр адууны ширээс гадна зарим түүхий эдийн үнэ унажээ. Жишээлбэл үхрийн ширийг 10 болон түүнээс доош үнээр авч байгааг худалдаачид ярьж байна. Харин ноолуурын хувьд арай гарч эхлээгүй ч кг ноолуурыг 115-120 мянган төгрөгөөр авч байгаа гэлээ. Ноолууртай ямааны арьсыг 22-45 мянгаар авч байгаа бол хонины нэхийг 800-1000 төгрөгөөр авч байна.