Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлөх 2 хувийн татварыг хүчингүй болгох цахим өргөдөлд 55 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Иргэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлөх 2 хувийн татварыг хүчингүй болгох санал гарган D-parliament цахим өргөдлийн системд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар тус өргөдөлд 55 мянга орчим гарын үсэг цугласан бөгөөд 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг гарч тус асуудлыг хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэд олон жил хөдөлмөрлөж татвар төлж үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг ч буцаан борлуулахдаа дахин татвар төлж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд шударга бус үйлдэл гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуульд зааснаар иргэн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахад улсад 2 хувийн татвар төлөх юм. Тухайлбал иргэн 300 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахад 6 сая төгрөгийн татварыг улсад төлнө. Энэхүү асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь иргэн олон жил татвар төлж орлогоо хуримтлуулан үл хөдлөх худалдан авсан ч дахин худалдан борлуулахдаа татвар төлөх нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. 

Манай улсаас өөр аль ч улсад иргэн өөрийн амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй байна. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш гэж үздэг байна. Иймд тус хуулийн зүйл заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэн иргэд D-parliament цахим өргөдлийн системд гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 55 мянга гаруй иргэн дэмжсэн байна. 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг гарч тус асуудлыг хэлэлцэх боломж бүрдэх юм.

Хэрэв иргэн сард 2 сая төгрөгийн орлоготой бол багадаа 10 жил хөдөлмөрлөсний эцэст орон сууцын урьдчилгаа төлбөр цуглуулах боломжтой юм. Тэгвэл энэ хугацаанд олсон орлогынхоо 10-30 хувийг улсад татвар хэлбэрээр төлнө. Ийнхүү олон жил хөдөлмөрлөсний эцэст үл хөдлөх хөрөнгөтэй болсон ч түүнийгээ томруулах, захиран зарцуулахад дахин татвар төлсөөр байгаа юм.