Энхтайваны гүүрийг 2026 онд бүрэн засварлаж, шинэчилнэ

Нийслэлийн хамгийн их ачаалалтай замын нэг болох Энхтайваны гүүрийг иж бүрэн засварлаж, шинэчлэхээр болжээ. Засварын зураг төслийн ажил 60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны төсөвт суулгаснаар 2026 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гүүрийн ашиглалтын түвшинд судалгаа хийхэд шаардлага хангахгүй, “Муу” гэсэн дүгнэлт гарчээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах гол зам болох Энхтайваны гүүрийг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар 1958 онд барьж байсан. Үүнээс хойших 60 гаруй жилийн хугацаанд ердөө 2 удаагийн хэсэгчилсэн ашиглалтын засвар хийж байжээ. Одоогоор Энхтайваны гүүрний хоёр талын явган хүний зам эвдрэл гэмтэлтэй болж зорчиход хүндрэлтэй байна.

Тэгвэл Энхтайваны гүүрэнд их засвар, шинэчлэл хийхээр зураг төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 60 хувьтай байна. Тус гүүрэнд хэсэгчилсэн засвар хийсэн ч дахин эвдрэл, гэмтэл үүсэх эрсдэлтэй байгаа юм. Хамгийн сүүлд 2020 онд Энхтайваны гүүрний явган хүний замыг засварласан ч хэдхэн жилийн дотор мөн л ашиглалтын шаардлага хангахааргүй болоод байгаа юм.

Энхтайваны гүүр нь ашиглалтын түвшинд шаардлага хангахгүй, “Муу” гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс 10-р сарын 30 гэхэд зураг төслийг бүрэн дуусгаж ирэх оны төсөвт суулгаснаар дэмжигдсэн тохиолдолд 2026 онд засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин иргэдийн зүгээс явган хүний замыг өргөсгөж, чанартай засвар хийхийг хүсэж байна.

Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулна. Ажлын явцад хөдөлгөөн хаах үед түр гүүрэн байгууламжийг ашиглах юм байна.