Оюутнууд стандартгүй дотуур байранд орсноос түрээсийн байр, төрөл садныдаа амьдрахыг илүүд үзэж байна

Жил бүр оюутны дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байгаа тухай асуудал хөндөгддөг ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлгүй байна. Энэ жил улсын хэмжээнд 20 мянга гаруй элсэгч хөдөө орон нутгаас нийслэлд суралцахаар ирж байна. Гэвч оюутнуудад байрлах дотуур байр хангалтгүй, олдсон ч стандарт, чанарын шаардлага хангадаггүй байна. Их, дээд сургуульд шинээр элсэгчид болон ахлах курсийн оюутнууд өндөр өртөгтэй түрээсийн байранд эсвэл төрөл садныхаа гэрт амьдрахыг илүүд үзэж байна. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 42 мянган оюутан их, дээд сургуульд шинээр элсэн суралцана. Оюутнуудын тэн хагас нь орон нутгаас ирдэг бөгөөд нийслэлд ирэхдээ хамгийн түрүүнд байрлах газар, суурьших асуудалтай тулгардаг. Харьяа сургуулийнхаа оюутны дотуур байранд орох хүсэлтэй байдаг ч хүрэлцээний хомсдол, тохижилт тааруу байдлаас шалтгаалан хүсэлт илгээсэн дийлэнх оюутнууд дотуур байранд орж чаддаггүй. Тиймээс оюутнуудын дунд байр түрээслэх эсвэл хотод суугаа хамаатныхаа гэрт амьдрах сонирхол давамгайлах болжээ. Их, дээд сургуулиудын оюутны дотуур байрны жилийн төлбөр дунджаар 600 мянгаас 1 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Гэвч оюутнуудын үзэж байгаагаар, түрээсийн байрны төлбөр илүү өндөр хэдий ч тухтай орчин, хувийн орон зайтай байдгаараа давуу талтай. Ийнхүү шинэхэн оюутнуудад сургалтынхаа эхний өдрүүдэд хичээлээсээ илүүтэй байрны асуудал хамгийн чухал байна.

Тухайлбал, ШУТИС нь оюутны нийт 4 дотуур байртай. Энэ хичээлийн жилд тус сургуульд 5000 гаруй оюутан шинээр элссэн бөгөөд оюутны дотуур байранд ердөө 1100 оюутан л байрлах боломжтой байна. Шинэ элсэгчдээс гадна 2-4-р  курсийн оюутнууд ч мөн дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг тул өргөдлийн тоо улам нэмэгддэг. Жил бүр давхардсан тоогоор 10 мянга гаруй оюутан дотуур байранд орох хүсэлт илгээдэг ч багтаамжийн хомсдол тулгардаг байна.

Оюутнуудын үзэж байгаагаар дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлснээр харьяа сургуулийнхаа дотуур байранд амьдрах боломж өргөжиж, сурах орчин нөхцөл илүү таатай болох юм. Мөн энэ нь зөвхөн хичээлийн чанарт эергээр нөлөөлөөд зогсохгүй, замын түгжрэлийг бууруулах, оюутнуудын санхүүгийн зарлагыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг тэд онцолж байна.