Ирэх жилийн төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан. Энэ нь ААН-үүд болоод эдийн засагт тодорхой хэмжээний давуу талтай гэж хуулийн төсөл боловсруулагчид үзэж байгаа юм. Гэвч төсвийн урсгал зардал нь өндөр тооцоологддог манай улсад энэ нь оновчтой шийдэл биш гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан. Алдагдалтай төсөв батлах нь эдийн засагт онц хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй хэдий ч манай улс шиг урсгал зардалд өндөр төсөв зарцуулдаг оронд тохирох шийдэл биш юм. Өнгөрсөн онд л гэхэд 41 төрийн өмчит компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм. Үүнтэй зэрэгцэн үр ашиггүй худалдан авалт хийж, нэмэлт урамшуулал олгосон зэрэг төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлсэн зөрчил илэрсээр байна.
Дэлхийн бусад улсад алдагдалтай төсөв батлах нь байж болох энгийн асуудал ч манай улс шиг урсгал зардал өндөртэй оронд анхаарах шаардлагатай асуудал юм.
Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа иргэдийн саналд тулгуурлан эрүүл мэнд боловсрол эрчим хүч зэрэг салбарт дийлэнх хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Мөн хувийн ААН-үүд болоод иргэдийг дэмжих үүднээс ийнхүү боловсруулжээ.
Энэ онд улсын гол эдийн засгийг бүрдүүлэгч нүүрс экспортын үнийг хэт өндөр төсөөлсөн нь төсвийн орлого тасалдах эрсдэлийг бий болгосон. Хэдийгээр ирэх онд нүүрсний үнийг хэт өөдрөг бус 70 доллароор тооцоолсон ч цаашид нүүрс ашигт малтмалын үнэ унах, татвар төсөвт бага төвлөрөх зэрэг эрсдэлээс үүдэн 1.3 их наядаас өндөр дүнгээр алдагдал хүлээх магадлал өндөр байна.