Ирэх өвөл нийслэл хотод цахилгааны хязгаарлалт хийхгүй гэх баталгаа байхгүй

 “Эрчим хүчний салбарын бодлого, тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр уг салбарт өөрчлөлт, ахиц дэвшил гарахгүй байгаа нь төрийн буруу бодлого, популист шийдвэрүүдтэй холбоотой. Мөн өнөөг хүртэл ирэх өвөл эрчим хүч, дулааны хүндрэлийг хэрхэн туулах талаар тодорхой шийдэл байхгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилжээ. 

–Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 997 мянга гаруй өрхтэй байгаагаас 81.1 хувь буюу 809 мянга өрх нь цахилгааны гэрээ байгуулан эрчим хүчээр хангагдаж байна.

–Харин  үлдсэн 176 мянга гаруй айл  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, 7500 орчим нь бага оврын цахилгааны үүсгүүртэй байгаа бол 4500 орчим нь хот суурин газрын захаар гэрэл, цахилгаангүй амьдарч байна.

–Ирэх өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үүнд, ДЦС-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 61 хувь, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 63 хувь, дулааны сүлжээ 72 хувь, нүүрсний уурхайнууд 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол компаниудын аваарын нөөц бүрдүүлэлт 85 хувьтай явагдаж байна. 

–Сүүлийн жилүүдэд оргил ачааллын цагаар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 11 хувийн өсөлттэй байна. Хэдийгээр цахилгаан станцуудыг нэмэлтээр ашиглалтад оруулж, заримыг нь үйл ажиллагааг нь эхлүүлсэн ч ирэх 2027 он хүртэл цахилгааны хязгаарлалт үргэлжилсээр байна гэдгийг салбарын сайд мэдэгджээ.  

Дэлхийн улс орнуудын стратегийн чухал салбар нь эрчим хүч байдаг бол  манай улсад эсрэгээрээ тус салбарын хөгжлийг орхигдуулсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж ирсэн тул өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэдгийг салбарынхан хэлдэг. Хэдийгээр цахилгааны үнэд огцом өөрчлөлтийг хийсэн ч уг салбар ашиггүй ажилласан хэвээр байгаа бөгөөд дулааны үнийг мөн нэмэгдүүлэх асуудал яригдсаар байгаа юм. Ирэх өвөл нийслэл хотод  -35 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд байна.

Ийнхүү цахилгааны асуудлаа шийдвэрлэж чадалгүй өвлийг угтаж байгаа бол дулаан хангамж, түлшний асуудлыг шийдсэн нь олон нийтээс шүүмжлэл дагуулах болсон. Ирэх өвөл манай улс БНХАУ-аас коксжсон нүүрс худалдан авч гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээг шийдвэрлэхээр болсон юм. Ингэснээр 170 мянган өрх уг түлшийг хэрэглэх юм байна. Харин гэр хорооллын айл өрхүүд хэрэглээний бэлтгэл ажлаа хангаагүй байгаа бөгөөд гал алдах эрсдэл дагуулах юм байна. 

Манай улсын дулааны салбар өнөөг хүртэл эрчим хүчний тухай хуулийн хүрээнд цөөн заалтаар зохицуулагдаж иржээ. Энэ нь дулаан эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа  асуудлуудыг бүрэн шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгаа гэж мэргэжилтнүүд үзжээ. Мөн нөгөө талдаа улс төрийн тогтворгүй байдал, популист шийдвэрүүдээс болж эрчим хүчний салбар доройтсон гэж хууль тогтоогчдын төлөөллүүд үзэж байна.

Ийнхүү тус салбар нь   сүүлийн жилүүдэд өвлийн их ачааллын үед суурилагдсан бүрэн хүчин чадлаараа нөөц тоноглолгүй, болзошгүй аваарын нөхцөл байдалд  ажилласан хэвээр байгаа нь эрсдэл дагуулсаар байна.