Иргэд хамгийн өндөр хүлээлттэй байдаг НДШ, ХХОАТ-ыг бууруулах тухай ирэх оны төсөвт огт тусгагдаагүй байна. Тодруулбал татвар НД-ын шимтгэл өндөр байгаа нь тэднийг байнгын ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Нийгмийн даатгалын шимтгэл , хувь хүний орлогын албан татварыг тус бүрд нь 50 хувиар бууруулах саналыг иргэд удаа дараа тавьсан ч эрх баригчид үүнийг огт хүлээж авдаггүй. Хэрэв эдгээр татварын хэмжээ буурвал ААН-үүд цалингаа нэмэх боломж бүрдэх төдийгүй иргэдийн гар дээр ирэх мөнгөн дүн нэмэгдэж орлогын түвшин дээшлэх боломжтой юм.
Ажилтан цалингаа авахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн 11.5 хувь, хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутгуулдаг. Харин ажил олгогч тал өөрийн зүгээс салбараасаа хамааран 12.5–14.5 хувийн шимтгэл нэмж төлдөг. Ингэснээр нийт хөдөлмөрийн татварын дарамт дунджаар 20–36 хувьд хүрч байгаа нь иргэдийн гар дээр авч буй цалинг бууруулж, албан ёсны хөдөлмөрийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна. Иймээс татварын бодлогыг уян хатан болгох, татварын дарамтыг бууруулах шаардлагатай гэж иргэд болоод мэргэжилтнүүдийн зүгээс шаардсаар байгаа юм. Мөн иргэдийн өдөр тутмын худалдан авалтаас 10 хувийн татвар авдаг нь иргэдийн орлогыг улс хүүлж байгаа үйлдэл гэж иргэд үзэж байна. Мөн эдгээр татварын хэмжээг 50 хүртэлх хувиар бууруулах нь иргэдийн орлого бодитоор нэмэгдэх боломж бүрдэх юм.
Ирэх оны төсвийн төсөл нь татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах реформын хүрээнд анх удаа олон нийтээс санал авч, эрүүл мэнд боловсролын салбарт онцгой анхаарч, хүний хөгжлийг дэмжсэн хуулийн төсөл болсон гэж боловсруулагчдын зүгээс онцолсон. Гэсэн хэдий ч ирэх жилийн төсөвт НДШ болоод ААН-ын орлогын албан татварын хэм хэмжээг бууруулах талаар тусгагдаагүй байна. ЗГ-аас НД-ын тогтолцоотой холбоотой томоохон реформ хийхээр төлөвлөгдөж байгаа ч төсөв хэлэлцэгдэхээс өмнө батлагдах боломжгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Мөн цаашид татвар НДШ-ийг хувь хэмжээг нэгэн зэрэг бууруулах боломжгүй бөгөөд ирэх жилүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэв.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь тэтгэврийн сангийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс эдийн засагчдын дүгнэлтээр татвар шимтгэлийг, уян хатан тогтолцоог бий болгох, татварын бааз суурийг өргөтгөж далд эдийн засгийг ил болгох нь илүү оновчтой шийдэл гэж үзэж байна.
Ийнхүү эдийн засагчдын зүгээс НД-ын шимтгэлийг шатлалтай бууруулах нь зүйтэй гэдгийг онцолж байна. Харин эрх баригчдын зүгээс шаталсан системээр НД татварыг бууруулна гэж хэлдэг ч бодит ажил болсонгүй олон жилийг үдэж байна.