Ирэх оны төсөвт ахмадын хөгжлийг дэмжих нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй байна. Зөвхөн тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэх талаар л тусгажээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд ахмадын хөгжлийн төв цөөн байдаг бөгөөд ахмад настнууд хороо, өрхийн эмнэлгээс өөр цагийг өнгөрөөх газаргүй, тэтгэврийн мөнгө нь наад захын хэрэгцээг нь хангахад ч хүрэлцдэггүй нөхцөл байдалтай байна.
Нэг дарга нэг шийдвэр гаргаж, нөгөө дарга нь хийдүүлдэг тогтолцоо үргэлжилсээр. Оюун-Эрдэнийн засгийн газраас энэ оны 1-р Сард ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж тэдэнд зориулсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар дуулгаж байсан. Гэвч Занданшатарын шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ахмадуудын асуудлыг авч хэлэлцсэнгүй.
Өнөөдөр манай улсын нийт ахмадын 57 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 689 мянган төгрөгийг сар бүр авдаг. Мөн өнгөрсөн хавар тэтгэврийн зээл олголт тасалдаж, улмаар өнөөдрийн байдлаар 1 жилээс илүү хугацаагаар зээл олгохгүй байгаа төдийгүй тэтгэврийн зээлийн хүү нь нэлээдгүй өндөрт тооцогддог. Тиймээс ахмадууд өнгөрөгч 8-р сараас эхлэн тэтгэвийн доод хэмжээг сая 500 мянган төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардсаар байна. Гэвч салбар яамнаас боломжгүй гэх хариулт өглөө.
Угтаа одоогийн засгийн газрын гол бодлого нь хүн төвтэй байна гэдгийг илэрхийлсээр байгаа.
Өнөөдөр манай улс ахмадуудаа хаясан гэж хэлэхэд хилсдэхгүй ээ. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байхад тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байна. Ахмадууд гэр хороо эмийн сангаас өөр маршрутгүй, эмнэлгээр ч үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдалтай байгаа юм.