Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны 8-р Сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Хэдийгээр зарим үзүүлэлтүүд эерэг байгаа боловч инфляц өссөнөөс иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл үүссээр байна. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8-р Сарын байдлаар улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар өсжээ.
—Улсын хэмжээнд энэ оны 2-р улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2 сая 728 мянган төгрөг, голч цалин 2 сая 356 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 468 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 105.9 мянган төгрөг буюу 4 хувиар нэмэгджээ.
—Гэвч цалингийн дундаж нэрлэсэн цалин нэмэгдсэн ч зарим үнийн өсөлт үүссэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 14.9 хувиар, хүнсний бүлгийн үнэ 9.8 хувиар, хүнсний бус бүлгийн үнэ 8.4 хувиар тус тус өсжээ
—Харин нийслэлийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7.2 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.1 хувиар, хүнсний бүлгийн үнэ 11 хувиар, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар тус тус өссөн байна.
—Мөн орон сууцны үнийн индекс энэ оны 8-р сарын байдлаар 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өсжээ. Эдгээр өсөлт нь иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл үүсгэж энэ оны 7 дугаар сарын эцэст, ААНБ-ууд болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 42.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 9.2 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Улсын хэмжээнд энэ оны 2-р улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2 сая 468 мянган төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 105 мянга 900 төгрөгөөр буюу 4 хувиар нэмэгдсэн гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гэвч бодит амьдрал дээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь гар дээрээ сая гаруй төгрөг авч байна. Учир нь нэрлэсэн цалин өндөр байгаа хэдий ч олон төрлийн шимтгэл, татвар суутгаснаар иргэдийн гарт ирж байгаа цалингийн хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалингийн судалгаанд нийтдээ нийгмийн даатгал төлж байгаа 830 мянга гаруй ажилтан, алба хаагч хамрагджээ. Энэ судалгаанд уул уурхай, программ хангамж, байгууллагын менежер, удирдлага зэрэг өндөр цалинтай салбарын ажилтнууд багтсан нь дундаж цалингийн хэмжээ өсөхөд тодорхой нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлаж байна.
Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлээр бол энэ оны эхний 4 Сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өссөн. Учир нь энэ оны 8-р Сарын байдлаар улсын инфляц жилийн дунджаар 8.8 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар өссөн нь шууд хамаарч байна. Энэхүү өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахуун, орон сууц, эрчим хүчний төлбөрүүдийн өсөлт голлон нөлөөлжээ. Мах, гурил, хүнсний бүтээгдэхүүн болон жимс, ногооны үнэ нэмэгдсэн нь хүнсний бүлгийн үнийн дарамтыг бий болгож байгаа юм. Харин шатахууны үнийн өсөлт нь бараа, үйлчилгээний зардлыг дагаад өсгөсөн байна. Мөн төгрөгийн америк доллартой харьцах ханш суларснаар импортын барааны үнэ нэмэгдсэн нь инфляцын түвшинг өндөр байлгах шалтгаан болжээ.
Хэдийгээр дундаж цалингийн хэмжээ жилээс жилд өссөн тоон үзүүлэлт гарч байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн амьжиргаанд дорвитой өөрчлөлт мэдрэгдэхгүй хэвээр байна. Үүний шалтгаан нь өндөр татварын дарамт болон инфляцын өсөлтөөс үүдэн иргэдийн гар дээр ирэх орлого хүрэлцээ муутай байгаа явдал юм.