Нарны эрчим хүчний систем суурилуулахад 10 сая төгрөгөөс эхэлж байгаа ч 1-2 жилийн дараагаас цахилгааны төлбөрийг 80–90 хувь хэмнэнэ

Эрчим хүчний салбар доройтож, цахилгааны төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчээр цахилгаанаа шийдэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Гэвч дийлэнх иргэд нарны эрчим хүчний систем суурилуулахад их хэмжээний зардалтай гэж үзэх нь их байна. Уул нь нарны эрчим хүч нэмэлт татвар, төлбөр шаарддаггүй. Иймээс системээ суурилуулснаас хойш 1-2 жилийн дараагаас анхны зардлаа нөхөж эхлэн, урт хугацаандаа цахилгааны төлбөрийг 80–90 хувь хэмнэх боломж бүрддэг байна.

Нарны эрчим хүч ашиглахын тулд юун түрүүнд нарны эрчим хүчний системийн панель шаардлагатай. Нэг панель дунджаар 400-550 ваттын хүчин чадалтай байдаг. Манай улсын нар ихтэй цагийн тооцоогоор нэг хавтан өдөрт ойролцоогоор 1.8-2.5 квт.цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 700-900 квт.цаг эрчим хүч гаргах чадалтай гэсэн үг.

Дундаж айл өрхийн өдөрт хэрэглэх цахилгаан 8-20 квт.цаг байдаг гэж тооцвол нэг өрхийн хэрэгцээг хангахын тулд 8-10 ширхэг нарны панель суурилуулахад хангалттай гэж мэргэжилтнүүд үздэг байна. Энэ нь ойролцоогоор 4-6 квт хүчин чадалтай систем юм.

Зах зээл дээр 450-550 ваттын хүчин чадалтай нэг ширхэг нарны панелийн үнэ дунджаар 550 мянгаас 750 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Иймд 8-10 хавтан суурилуулахад зөвхөн панелийн өртөг 3.5-8 сая төгрөг орчим болно. Үүн дээр хувиргагч, кабель, суурь, угсралтын зардал зэрэг зүйлс нийлээд нэг айлын нарны системийн нийт өртөг дунджаар 10-12 сая төгрөг хүрдэг тооцоолол байна.

Уламжлалт хэрэглээтэй нэг өрхийн сарын цахилгааны төлбөрийг 1 квт.цаг-ийг нь дунджаар 280 төгрөгөөр тооцоход сард дунджаар 2.8 сая төгрөгт болно гэж тооцох юм. Харин хэмнэлттэй шийдэл буюу нарны эрчим хүчийг ашигласнаар энэ зардал ойролцоогоор 360 мянган төгрөг болж буурах боломжтой байна.