Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашинтнуудын улаан өндөгний баярыг тохиолдуулан Украин дахь байлдааны ажиллагааг 32 цагийн турш түр зогсоох зарлигт гарын үсэг зуржээ. Уг шийдвэр нь 4-р сарын 11-ний бямба гаргийн 16 цагаас мөрдөгдөж, 4-р сарын 12-ны ням гаргийг дуустал үргэлжлэх юм байна.
В.Путин дурдсан хугацаанд дайны бүх фронтод байлдааны ажиллагааг зогсоохыг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Андрей Белоусов болон зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарт үүрэг болгожээ. Уг шийдвэрийг сүсэгтэн олонд баярын мөргөл үйлдэх боломж олгох зорилготой "Хүмүүнлэгийн түр зогсолт" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбарлалаа.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ч улаан өндөгний баярын өдрүүдэд "Ижил алхам" хэрэгжүүлж, гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь дайн эхэлснээс хойш талууд баярын үеэр нэгэн зэрэг гал зогсоохыг зөвшөөрсөн ховор тохиолдлуудын нэг болж байна.
Өмнөх жилүүдэд дайтагч хоёр улс ижил төстэй санаачилгууд гаргаж байсан ч талууд бие биеэ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байсан. Одоогоор дайны гал түр намжих төлөвтэй байгаа ч албан ёсны биелэлтийг газар дээр нь хянах үлджээ. Орос, Украины үнэн алдартны шашинтнууд энэ жил улаан өндөгний баярыг 4-р сарын 12-нд тэмдэглэх юм байна.
Харин одоогийн байдлаар фронтын шугам дээрх нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна. ОХУ-ын арми Донецк мужийн чиглэлд, тэр дундаа Покровск, Часив яр орчимд, өндөрлөг бүс нутгуудад давшилтаа үргэлжлүүлж, стратегийн ач холбогдолтой газруудыг хяналтдаа оруулахыг эрмэлзэж байна.