Мягмар гарагт испанийн засгийн газар тус улсад бичиг баримтгүй амьдарч байгаа 500 мянга орчим цагаачдад хууль ёсны оршин суух зөвшөөрөл олгох түүхэн шийдвэрийг албан ёсоор баталлаа. Өдгөө европын дийлэнх улс орнууд цагаачлалын бодлогоо чангатгаж байгаа энэ үед испани улс эсрэгээрээ ажиллах хүчний хомсдолыг нөхөх, эдийн засгаа тэлэх зорилгоор өргөн хүрээний өршөөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Испани улсын цагаачлалын алба оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдлийг 4-р сарын 16-аас 6-р сарын 30-ны хооронд хүлээн авахаар болжээ. Өргөдөл гаргагч нь 2025 оны 12-р сарын 31-ээс өмнө испани улсад очсон байх, мөн тус улсад багадаа 5 сар амьдарснаа батлах, ял шийтгэл эдлээгүй, нийтээр дагаж мөрдөх дүрэм журам зөрчөөгүй байх ёстой юм. Зөвшөөрөл авсан гадаадын иргэд болон цагаачид 1 жилийн хугацаатай, сунгах боломжтой оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх эрх эдлэх ажээ. Тэгвэл насанд хүрээгүй хүүхдүүдэд 5 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл олгохоор хуульдаа тусгажээ.
Мягмар гарагт Испанийн ерөнхий сайд Педро Санчез уг шийдвэрийг "Шударга ёсны акт, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээ" гэж тодорхойлсон байна. Испанийн хөдөө аж ахуй, зочлох үйлчилгээ, барилга болон ахмад настны асрамжийн салбарт ажиллах хүч нэн шаардлагатай байгаа нь тоо баримтаар нотлогдож байгаа юм. Цагаачид Испанийн ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд тэднийг албан ёсны бүртгэлд хамруулснаар татварын орлого нэмэгдэж, нийгмийн даатгалын систем бэхэжнэ гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Бичиг баримтгүй цагаачид банкны данс нээлгүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг наад захын эрхээ эдлэх боломж бүрдэж байна.
Хамгийн гол нь өргөдөл гаргагчид тэдний хүсэлтийг хянан шийдвэрлэх шатыг хүлээлгүйгээр, цагаачлалын алба өргөдлийг нь хүлээн авсан цагаас эхлэн хууль ёсоор ажиллах, төрийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм байна. Уг шийдвэр нь зөвхөн улс төрчдийн хүсэл зориг биш, харин испанийн үндсэн хуулиар олгогдсон "Ард түмний хууль тогтоох санаачилга" ийн үр дүн гэж тус улсын засгийн газар мэдэгджээ. Зүүний үзэл баримтлалтай засаг захиргаа, сүм хийд болон 900 гаруй төрийн бус байгууллагууд, мөн Испанийн 700 гаруй мянган иргэн хууль бус цагаачдад оршин суух зөвшөөрөл олгох саналд гарын үсэг зурж, дэмжжээ.