ОУВС-ийн  захирлуудын зөвлөл манай улсад 99 сая ам.долларын санхүүжилт олгох  асуудлыг 6-р сард хэлэлцэнэ.

Олон улсын валютын сан шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Ковид- 19 цар тахлаас хамааран эдийн засаг нь хүндэрсэн улсуудад дэмжлэг үзүүлж эхэлсэн. Тэгвэл тус сангийн ажлын хэсэг 2020 оны 5-р сарын 11-13-ны өдөр манай улсын төр засгийн тэргүүдтэй цахим уулзалт зохион байгуулсан байна. Улмаар Ковид -19 цар тахлаас үүдэлтэйгээр монгол улсын эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая Америк долларын тусламж үзүүлэхээр болжээ.

Манай улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж дуусаж байгаа. Энэ сард тус хөтөлбөрийн үнэлгээг хийхээр ажлын хэсэг манай улсад ажиллаж эхэлсэн. ОУВС нь маш олон хөтөлбөртэй. Тухайлбал өргөтгөсөн санхүүжилт, Стэнд бай зэрэг олон хөтөлбөрийг дэлхийн улсуудад хэрэгжүүлдэг. Мөн Ковид 19-ын үед шуурхайн санхүүжилтийн хэрэгсэл , шуурхай кредит хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт манай улс хамрагдах хүсэлтийн дагуу 72,3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам долларын санхүүжилтийг олгох хүсэлтийг эхний байдлаар зөвшөөрсөн байна. Тус шуурхай санхүүжилт нь  төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх зорилготой.  ОУВС-ийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр ШСХ-д хамруулах хүсэлтийг баталснаар донор орнуудтай хамтран МУ-ын төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг хангахад  туслалцаа үзүүлнэ. Уг хүсэлтийг захирлуудын зөвлөлөөр 6-р сарын эхэнд хэлэлцэх хүлээлттэй байна гэжээ. Мөн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд улсын  өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа хэмээн дурджээ.

Мөн ОУВС-ийн төлөөлөгч Жэф Готтлийб "Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал” гэдгийг уулзалтын үеэр онцолсон байна.