Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал 500 хүний ажлын байр бий болно

Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд ашиглагдаагүй "Асгатын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал сөхөгдөж эхэллээ. Урьдчилсан тооцооллоор энэхүү орд нь 11 жилийн хугацаанд өгөөжөө өгөх,  батлагдсан 2.2 мянган тонн мөнгөний нөөцтэй. Одоогоор ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Тэгвэл "Асгатын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг байгууллаа. 

УИХ-ын 2007 оны тогтоолоор Баян-өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах асгатын мөнгөний ордыг стратегийн орд гэж тогтоож, харин засгийн газрын 2019 оны тогтоолоор тухайн ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь "Эрдэнэс монгол" компанид шилжүүлж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Урьдчилсан тооцооллоор батлагдсан 2247 тонн мөнгөний нөөцтэй.  Харин зэсийн нөөц батлагдсан тооцооллоор 76 мянган тонн, цаашид өсөх таамаг нь 210 мянга юм байна.

"Асгатын мөнгөний орд"-ын төсөл өмнө нь дэд бүтцийн болон баяжуулалтын технологийн улмаас саатсан. Харин цаашид гадны компанитай хамтарсан байдлаар ажиллаж, ОХУ, Казакстанаас техник оруулж ирэх боломжтой юм байна.  Ингэж ажиллахад 127,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж, 500 ажлын байр нэмэгдэхээр тооцсон, харин үйл ажиллагааны зардлыг 256,6 сая ам.доллар, цэвэр ашгийг 197,1 сая ам.доллараар,  харин татвар хураамжийг 241 сая ам.доллараар төсөөлжээ.

УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар ийнхүү "Асгатын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа.