Гэрээний зохицуулалттай учраас төв банк хөндлөнгөөс хадгаламжийн хүүг

Хэрэглээний болон ипотекийн  зээлийн үндсэн төлбөр,  зээлийн хүүг 2021 оны 7-р сарын 1 хүртэл хугацаанд хойшлуулахаар болсон. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий гишүүд хадгаламжийн хүүг "тэглэх" санал гаргаад байгаа. Тэгвэл банкны салбарт харилцах хадгаламжаар 21 их наяд төгрөг татаж, 17 их наядыг нь зээлийн санхүүжилт болгон олгодог байна. Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг зээл болгож, зах зээл рүү нийлүүлдэг. Мөн гэрээний зохицуулалттай  учраас хадгаламжийн хүүг "тэглэх" асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг төв банкнаас мэдэгдлээ. Монголбанкны мөнгө санхүүгийн 10-р сарын статистик мэдээллээр нийт хадгаламжийн хэмжээ 16.9 их наяд төгрөг байжээ. Үүнээс 84.5 хувь буюу 14.3 их наяд төгрөг нь иргэдийн, 15.5 хувь буюу 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байна. Харин нийт хадгаламжийн 28.7 хувь нь гадаад валютын хадгаламж байгаа юм. Тэгвэл тайлант хугацаанд иргэдийн хадгаламжийн хүүний тухайд, хугацаагүй хадгаламж 6 хувь, 3 сар нь 7.7, 4-6 сар нь 10.9, 7-9 сар нь  11.4, 10-12 сар нь 12.5, 13-18 сар нь 12.2, харин 19-24 сарын хугацаатай хадгаламж 13.1 хувийн хүүтэй байна. Манай улсын нийт өрхийн 21.8 хувь нь буюу 4 өрх тутмын 1 нь л хадгаламжтай. Тэгвэл нийт хадгаламжийн 44 хувь нь 100 сая төгрөг хүртэлх дүнтэй хадгаламж эзэмшдэг байна.  Өөрөөр хэлбэл энэ 44 хувь нь дундаж давхаргын хуримтлал учраас хадгаламжийн хүүг тэглэх нь иргэдийнхээ халаас руу гар дүрж байгаатай агаар нэг юм. Тиймээс ч төв банкнаас өөр арга зам, боломжийг санал болгож байгаа гэсэн юм.