Монголын жүдочид өрсөлдөх

Монголын жүдо бөхийн холбоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулагдах Тбилисийн их дуулга тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарлаад байна. Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны дөрөв дэх тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо Тбилисийн их дуулга энэ сарын 26-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд нийт 526 жүдочин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн 18 тамирчинтай баг очжээ. Монголын жүдогийн үндэсний шигшээ баг нэгдүгээр сард Катарын Доха хотноо мастерс тэмцээнд өрсөлдөж МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, шагнал тавдугаар байрт нэг, долоодугаар байрт хоёр тамирчин шалгарсан бол хоёрдугаар сард Израилийн Тел Авив хотноо их дуулга тэмцээнд Монголын шигшээ багаас Моллаеи Саеид ганцаар өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар энэ сарын эхээр Узбекистаны Ташкент хотноо болсон мөн их дуулга тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 гээд 20 жүдоч зодоглож хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн шагнал тав болон долоодугаар байруудад тус бүр хоёр тамирчин шалгарсан амжилт үзүүлсэн юм. Тодруулбал МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар манлайлж, ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Л.Сосорбарам (Аваргын төлөөх барилдаанд бэртлийн улмаас татамид гараагүй бөгөөд Тбилисийн их дуулгыг өнжиж байна) нар дэд байр эзлэн, ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн билээ.   

Энэ удаагийн Тбилисийн их дуулгад: 

-48 кг-д 

МУГТ М.Уранцэцэг 

-52 кг-д

ОУХМ Б.Хорлоодой 

-57 кг-д 

МУХБ, МУГТ Д.Сумъяа 

ОУХМ Л.Энхрийлэн

-60 кг-д 

ОУХМ Л.Өнөболд 

ОУХМ Э.Ариунболд 

-63 кг-д

ОУХМ Б.Ганхайч

-66 кг-д

ОУХМ Г.Хэрлэн 

ОУХМ Ё.Басхүү 

-70 кг-д 

ОУХМ Ц.Энхчимэг

73 кг-д 

МУГТ Г.Одбаяр 

ОУХМ Ц.Цогтбаатар 

+78 кг-д 

ОУХМ Э.Гандиймаа

-81 кг-д 

ОУХМ Н.Дагвасүрэн 

-90 кг-д 

ОУХМ Г.Алтанбагана 

-100 кг-д 

ОУХМ Л.Отгонбаатар 

ОУХМ Б.Гончигсүрэн 

+100 кг-д 

ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар оролцохоос гадна энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Гүржид очжээ.