Олимпын бамбарын аялал Фүкүшима дахь хөл бөмбөгийн бэлтгэлийн төвөөс эхэлнэ 

Олимпын наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх Японы Фүкүшима муж дахь Жэй-Виллэж хэмээх Номхон далайн эрэгт ойр Үндэсний бэлтгэлийн төв нь осол гарсан цөмийн цахилгаан станцын байгууламжаас өмнө зүгт 20 км-ийн зайд, далайн түвшнээс 50 м-ийн өндөрлөгт оршдог байна. 10 жилийн өмнө 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн улмаас Фүкүшима Дай-ичи цөмийн цахилгаан станцад осол гарч тухайн орон нутагт гамшиг нүүрлэсэн түүхтэй. Харин одоо тэрхүү гамшгаас хойш хэрхэн эргэн сэргэснийг дэлхий нийтэд харуулахын тулд олимпын наадмын галт бамбарын буухиа аяллыг Фүкүшимагаас эхлүүлж байгаа юм байна.  1997 онд анх ашиглалтад орж байсан тус газар дахь хөл бөмбөгийн бэлтгэлийн цогцолбор төвийг 2011 оны ослын үеэр ажилласан бие бүрэлдэхүүний бааз болгож байсан бол 2018 онд эргэн спортын зориулалтаар хэсэгчлэн ашиглаж эхэлсэн бөгөөд ялангуяа Олимпын наадам зохион байгуулах болсонтой холбоотойгоор сэргээн босголтын ажлыг эрчимжүүлж 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд бүрэн нээсэн байна. Шинэчлэгдсэн “Жэй-Виллэж” Үндэсний бэлтгэлийн төв нь 49 га талбайг эзэлдэг, 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, амьд зүлгэн найман талбай, хиймэл зүлгэн гурван талбайтайгаас гадна биеийн тамирчин заал, усан бассейн зэрэг байгууламжуудаас бүрджээ. Тус газар нь Япон улсын эрс тэс уур амьсгалтай зарим бүс нутгуудыг бодвол харьцангуй зөөлөн, тогтуун цаг агаартай учир спортын үйл ажиллагаанд тохиромжтой байдаг байна. Саяхан гэхэд Дэлхийн аварга Японы эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бэлтгэлээ базаажээ. Өмнө нь Японы үндэсний шигшээ багийн бэлтгэлийн цогцолбор байсан учир тус улсын дээд лигийн багууд ч тогтмол бэлтгэл хийдэг байсан юм байна. Байгуулагдсанаас хойш 2011 оны хавар хүртэл жил бүр тогтмол 500.000, нийт 6.8 сая хүн тус бэлтгэлийн баазад зочилсон байна. Олимпын бамбарын гүйлт энэ 26-ны өглөө 10:00 цагт тус Үндэсний бэлтгэлийн төвөөс эхэлж гурван хоног Фүкүшимагаар аялахдаа гамшигт нэрвэгдсэн газруудаар дайран өнгөрөх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс олимпын галт бамбартай буухиа гүйлтийг замын хажуугаас харах иргэддээ амны хаалт зүүх, олноороо бөөгнөрөхгүй байх уриалга дэвшүүлээд байгаа. Мөн тэд бамбарын буухиад оролцох хүмүүсийг ч ковид 19-ийн халдварын шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх шаардлага тавьж байгаагаа мэдэгдэж байлаа. Зуны олимпын 32-р наадмын галт бамбарын аялал Фукушимагаас эхлэн нийт 121 хоног үргэлжилнэ. Цар тахлын тархалтаас сэргийлэх үүднээс олимпын бамбарын буухиа гүйлтийн нээлтийн ёслолыг олон нийтэд хаалттай зохион байгуулахаар болсон байна. Мөн өмнө нь зохион байгуулагчдын зүгээс хэрэв бамбарын аялалын үеэр олон хүний бөөгнөрөл үүсвэл тус буухиаг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг анхааруулж байсан юм.