Майамигийн тэмцээнд Данийл Медведев чансааг тэргүүлэх бол Энди Маррэй оролцохгүй

АНУ-ын Флорида мужийн Майами-Гарденс хотын Хард Рок цэнгэлдэхэд мэргэжлийн теннисчдийн Майами Опен хэмээн олон улсын томоохон тэмцээн эхлээд байгаа. Тус тэмцээнд оросын теннисчин Данийл Медведев, грекийн Стефанос Циципас, германы Александр Зверев нарын теннисчид чансаагаараа эхний байруудад эрэмбэлэгдэн оролцохоор зэхэж байна. Тэд хараахан нээлтийн тоглолтоо хийгээгүй байна. Учир нь чансаагаараа эхний 32-т эрэмбэлэгдсэн теннисчид хоёр дахь шатнаас тэмцээнийг эхлүүлдэг дүрэмтэй. 

Энэ жилийн Майами Опен тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй Новак Жоковичоос гадна Рафаэль Надаль, Рожер Федерер нар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэднээс гадна Америкчуудын гол найдварын нэг Серена Уильямс амны хөндийн мэс заслын улмаас мөн тэмцээнд оролцоход бэлэн биш гэдгээ зарласан билээ. Тэгвэл Британийн алдартан, одоо 199-д эрэмбэлэгдэж байгаа Энди Маррэй цавины бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсноо өмнөх өдөр нь мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл энэ жилийн Майами Мастерс тэмцээнд эрэгтэйчүүдээс топ 10-т багтаж байгаа зургаан теннисчин оролцох юм байна. 

Чансааг тэргүүлэн өрсөлдөх, мастерс тэмцээний гурван удаагийн аварга Данийл Медведевийн хувьд дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэх болсноосоо хойш анхны тэмцээндээ оролцох гэж байна. 2005 оноос хойш анх удаа “Их дөрөв” буюу өмнө дурдсан Н.Жокович, Р.Надаль, Р.Федерер, Э.Маррэй нараас өөр теннисчин дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх болсон нь орос эр юм. Өнгөрсөн сарын эхээр болсон Австралийн их дуулгад шөвгөрсөн тэрбээр “Маш их хөдөлмөр, өндөр амжилттай ирж байгаа учраас сайхан байна” хэмээн дэлхийн чансаанд байр ахисан тухайгаа хэлээд “Энэ бол мэдээж маш өргөн агуулгатай. Мэдээж ингээд зогсохыг хүсэхгүй байна.” гээд үргэлж шинэ зүйлд хүрч, илүү өндөр авирах хүсэж байгаа тухайгаа ярьжээ. Данийл Медведев энэ жил 16 тоглолт (14-2) хийж, нэг тэмцээнд түрүүлэн, 1.686.638 ам.долларын шагнал хүртээд байна. Тэрбээр замналдаа нийт 173-88 гэсэн хожил, хожигдлын харьцаатай, 10 цом өргөсөн, 15.8 сая ам.долларын шагнал хүртсэн үзүүлэлттэй байгаа юм. 

Хатуу хучилтат талбайд явагддаг Майами Опен тэмцээний хувьд 3.3 сая ам.долларын шагналын сантай, ганцаарчилсан тоглолтын аварга чансаандаа 1000 оноо нэмж, 300 гаруй мянган ам.долларын шагнал хүртэх юм байна. Тэмцээн өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй. Хамгийн сүүлд 2019 онд болоход Рожер Федерер 37 насандаа (тэмцээний түүхэн дэх хамгийн ахмад аварга) дөрөв дэхээ түрүүлж байлаа. Түүхэн амжилтаас харвал Новак Жокович, Андре Агасси нар тус бүр зургаа түрүүлсэн амжилтаар эрэгтэй теннисчдийг тэргүүлдэг бол бүсгүйчүүдээс Серена Уильямс найман удаа цом хүртсэн үзүүлэлтээр хошуучилдаг юм. Ташрамд дуулгахад энэ жил Майами Опены нэг тоглолтод дунджаар 800-1000 үзэгчийн хязгаар тогтоосон байна. Гэхдээ цогцолборын хамгийн том гурван талбайд болох тоглолтыг л үзэгчтэй явуулахаар болжээ.