Австралид спортын арга хэмжээний үзэгчдийн тоо 50.000 давжээ 

Австралийн Виктория муж “Ковид-19” халдварыг дарсан гэдгээ албан ёсоор зарласантай холбоотойгоор спортын арга хэмжээнүүдийг цэнгэлдэхийн суудлын 50-75%-д дүүргэлттэй зохион байгуулах зөвшөөрлийг олгожээ. Улмаар тус мужийн нийслэл Мельбурн хотын 100.000 хүний суудалтай Крикетийн цэнгэлдэхэд Австрали хөл бөмбөгийн лигийн тоглолт үзэхээр 51.723 хүн цуглажээ. Энэ нь Австрали хөл бөмбөгт тоглолт үзэхээр цугласан хүмүүсийн тоо 2019 оноос хойш анх удаа 50.000 давсан үзүүлэлт болсон байна. Мөн цар тахалтай холбоотойгоор спортын арга хэмжээнд хязгаарлалт тогтоосноос хойш хамгийн олон хүн цугласан тохиолдол болжээ.  Тодруулбал Австрали хөл бөмбөгийн дээд лигийн тоглолтууд өнгөрсөн 18-нд эхэлсэн байна. Тухайн өдөр Мельбурний цэнгэлдэхэд 49.2 мянган хүн Ричмонд Тайгерз, Карлтон Блюз багуудын тоглолтыг үзэж байсан бол Карлтон Блюз хоёр дахь тоглолтоо Коллингвуд Мэгпайзийн эсрэг хийхэд үзэгчдийн тоо 50.000 давжээ. Эрх баригчдын зүгээс цэнгэлдэхийн 75%-д буюу 75.000 суудалд үзэгч оруулах зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор эртний түүхтэй өрсөлдөгчид болох Карлтон Блюз, Коллингвуд Мэгпайз багуудын тоглолтыг үзэх дэмжигчдийн тоо өнгөрсөн 12-нд Энэтхэгийн Ахмедабад хотын Нарендра Моди цэнгэлдэхэд болсон Англи, Энэтхэгийн крикетийн шигшээ багуудын Т20 лигийн тоглолтыг 67.200 хүн үзсэн рекордыг эвдэх магадлалтай хэмээн яригдаж байлаа. Гэхдээ Австралид цар тахлын олон нийтийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхлэхээс өмнө буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Мельбурн хотын Крикетийн цэнгэлдэхэд эмэгтэйчүүдийн Т20 Дэлхийн цомын тэмцээний шигшээ тоглолтыг 86.1 мянган хүн үзэж байжээ. Ташрамд дуулгахад австрали хөл бөмбөг нь хамгаалалтын хувцас өмсдөггүй, мөн бөмбөгөө барьж гүйхээс гадна өшиглөж оноо авдаг зэрэг нь рагбитай төстэй харагдах ч дүрмийн хувьд олон ялгаа бий. Мөн зууван талбайд тоглодог, тоглолтын үеэр талбайд баг тус бүр 18 тоглогчтой өрсөлддөг гэхчлэн америк хөл бөмбөгөөс ч эрс ялгаатай юм.