Олимпын бамбарын аялал эхэлсэнтэй зэрэгцэн вирусээр халдварласан шинэ тохиолдлуудын тоо ч өсжээ

Японы хамгийн өндөр байгууламж “Токио Скайтри” пүрэв гарагт олимпын бамбарын буухиа аялал эхэлснийг зарлан гэрэлтжээ.  Цар тахлын улмаас түүхэнд анх удаа хойшлогдсон олимпын наадам эхлэхэд одоо дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Олимпын галт бамбар ирэх саруудад Япон улсын бүх 47 мужийн 859 нутаг дэвсгэрийн нэгжээр аялахад нийт 10.000 орчим хүн бамбарыг барин буухиа гүйлтэд оролцох тухай зохион байгуулагчид мэдээлсэн. Сонирхолтой нь муж бүрд зориулан тус цамхаг өөр өөр өнгө, загвараар гэрэлтэх юм байна. Цамхаг энэ сарыг дуустал оройн 21:00 цагаас гэрэлтэж эхлэх бол ирэх сараас олимпын наадмын нээлтийн өмнөх шөнө хүртэл 22:00 цагаас эхлэн гэрэлтэх хуваарьтай байна. Гэвч харамсалтай нь лхагва гарагт Токиогийн бүс нутагт “Ковид-19” вирусээр өвчилсөн хүний тоо 420-иор нэмэгдсэн нь энэ сарын нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Мөн Япон улсын хэмжээнд цар тахлын улмаас 9000 орчим хүн эндсэн нь бусад тархалт өндөр байгаа орнуудтай харьцуулахад эерэг үзүүлэлт боловч олон нийтийн дунд явуулж буй санал асуулгуудын дүнгээс харахад иргэдийнх нь дийлэнх нь олимпын наадмын эсрэг байр суурьтай байгаа юм байна.