Токиод олимпын наадмыг эсэргүүцсэн жагсаал болжээ 

Токио 2020 олимпын галт бамбарын аялал Фүкүшимагаас эхэлсэн өдөр буюу пүрэв гарагт Токио хотын төвд тус наадмыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болжээ. Олимпын бамбарын тухайн өдрийн аялал дууссаны дараа хэдэн арван хүн зуны олимпын XXXII наадмыг Япон улсад энэ зун зохион байгуулахыг эсэргүүцэн уриа, лоозон барьж жагссан байна. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, 60 настай Тошио Миязаки Япон улсад зочлох тамирчин, албаны хүмүүсээр дамжиж вирусийн тархалт нэмэгдэх вий гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Миний бодлоор их цөөхөн хүн л Японд олимпын наадмыг зохион байгуулах нь сайн зүйл, илүү их баяр баясгалан авчирна гэж итгэж байгаа байх. Ийм нөхцөлд, долоодугаар сарын 23-нд олимп зохион байгуулахыг хэн дэмжих вэ? Тиймээс бамбарын буухиан эхний өдөр олимпыг цуцлахыг шаардаж байна” гэж ярьжээ. Тэрбээр Токио хотын захиргаанд ажилладаг гэсэн байна. Харин нэгэн жагсаалд оролцогч, 65 настай, Япон улсын иргэн Кейко Накамори “Онц байдал тогтоосон ч цар тахлын нөхцөл байдал сайжраагүй. Бас иргэдийн 80% нь наадмын эсрэг байр суурьтай байна. Одоогийн нөхцөлд олимпын наадмаа хийх гэж зүтгэсээр л байх уу? Миний бодлоор засгийн газар тэс буруу чиглэлд яваад байна. Хэрэв бид өөрсдийн дуу хоолойгоо өргөж, асуулт тавихгүй бол олимпыг зохион байгуулах шийдвэр ард түмний хүслийн эсрэг явж байна. Тиймээс л би энэ жагсаалд оролцох болсон юм” гэжээ. Бас өөр нэгэн жагсагч “Засгийн газар энэ тэнэг зүйлсээ зогсоох хэрэгтэй. Одоо Фүкүшима хүмүүс бамбар барин гүйж байгаа, тийм үү? Гэтэл одоог хүртэл Фүкүшимад цацраг идэвхт хаягдал овоолоостой хэвээрээ байгаа. Тиймээс ийм нөхцөл байдалд бамбарын буухиаг зохион байгуулах нь тэнэг хэрэг юм.” хэмээн ярьжээ. Хэдийгээр Япон улсын засгийн газар Фүкүшимад 300 тэрбум ам.доллар зарцуулсан боловч одоог хүртэл зарим газар нь хориотой хэвээр байгаа юм байна.