Г.Хэрлэн их дуулга тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэв 

Тбилисийн их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Ганболдын Хэрлэн зодоглож хүрэл медаль хүртлээ. Жиндээ дэлхийд зургаад эрэмбэлэгдэж байгаа тэрбээр энэ тэмцээнд хоёрт бичигдэн оролцсон учир хэсгээ тэргүүлж, эхний тойрогт хийлсэн. Улмаар эхний барилдаанаа британийн 21 настай жүдоч Майкл Фрайертай хийн өрсөлдөгч нь гурав дараалан торгуульснаар ялалт байгуулжээ. 2017 оны ААШТ-ий хүрэл медальт, тэр жилийн Мастерс тэмцээний аварга, гран при тэмцээний дөрвөн алтан медальт Г.Хэрлэн энэ онд Дохад болсон Мастерс тэмцээнд тав, Ташкентийн их дуулгад долоодугаар байр эзлээд байлаа. 

Г.Хэрлэнгийн Майкл Фрайертай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=LgcCXae_8I4

Г.Хэрлэнгийн жинд 35 жүдоч зодоглосон. Удаах өрсөлдөгч нь 33-т эрэмбэлэгдсэн (дэлхийд  369) 19 настай гүрж жүдоч Бека Цифиани байлаа. Тус барилдааны үндсэн цагт мөн л хоёр жүдочийн хэн хэн нь оноо авсангүй. Гэхдээ өрсөлдөгч нь гурван шидо хүртсэнээр Г.Хэрлэн үндсэн цагт ээлжит ялалтаа байгууллаа. Түүний хувьд ч мөн идэвхгүй барилдааны улмаас хоёр торгуульсан юм. Г.Хэрлэн замналдаа Тбилис хотын тэмцээнд өмнө нь медаль хүртэж байгаагүй ч их дуулга тэмцээнд хоёр дахиа хүрэл медалийн эзэн боллоо. Өмнө нь 2014 онд Абу Дабигийн их дуулгад гуравдугаар байр эзэлж байсан юм. 

Г.Хэрлэнгийн Бека Цифианитай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=eqjOPQhPvyM

ОУХМ Г.Хэрлэн Тбилисийн их дуулга тэмцээний татамид хэсгийн аваргын төлөө оросын жүдоч 33 настай, ДАШТ-ий гурван мөнгөн медальт Михайл Пуляевтай барилдлаа. Г.Хэрлэн түүний эсрэг өмнө нь хоёр удаа таарч барилдахад аль алинд нь ялж байсан удаатай юм байна. Энэ өдөр ч цаг сунгасан барилдаанд буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан. Хоёр жүдочийн хэн хэн нь оноо авалгүй, Г.Хэрлэн нэг шидотой үндсэн цаг өндөрлөсөн. Улмаар нэмэлт цагийн барилдаан минут орчим үргэлжилж манай жүдоч оноо авснаар ялалт байгуулжээ. 

Г.Хэрлэнгийн Михайл Пуляевтай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=LasKxsWeuzs&t=654s 

Ийнхүү Г.Хэрлэн хагас шигшээ барилдаанаа Узбекистаны жүдоч Сардор Нуриллаевтай хийсэн юм. Хоёр жүдоч сарын эхээр Ташкентийн их дуулга тэмцээний дагах барилдаанд таарахад Сардор Нуриллаев ялж улмаар хүрэл медаль хүртэж байлаа. Түүнээс өмнө 2017 онд Будапештийн ДАШТ-д мөн узбек жүдоч илүүрхэж байжээ. Өөрөөр хэлбэл Г.Хэрлэн түүний эсрэг гурав дахиа барилдаж дахин ялагдлаа. Тодруулбал энэхүү барилдаанд хэн хэн нь оноо авч чадалгүй үндсэн цаг дууссан. Мөн хоёулаа хоёр шидотой нэмэлт цагт барилдсан юм. Улмаар барилдааны сунгасан цаг хоёр минут гаруй үргэлжилж, харамсалтай нь Г.Хэрлэн гурав дахиа торгуульснаар финалд шалгарч чадсангүй. Хоёр жүдоч найман минут гаруй барилдсан юм. Дэлхийд 14-т бичигддэг Сардор Нуриллаев энэ гуравт эрэмбэлэгдэн өрсөлдөж аварга болсон билээ. 

Г.Хэрлэнгийн Сардор Нуриллаевтай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=Y32IiAkThBw&t=435s

Харин Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө бас нэгэн гүрж жүдоч Баграти Ниниашвилитэй өрсөлдлөө. 22 настай, Европын наадмын хүрэл медальт Баграти Ниниашвилитэй манай жүдоч анх удаа таарч барилджээ. Гран при тэмцээний алт, гурван хүрэл медальт гүржийн жүдочийг Г.Хэрлэн цаг дуусахаас минут хагасын өмнө цэвэр ялсан юм. 

Г.Хэрлэнгийн Баграти Ниниашвилитэй хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=hAfPhOovcfo&t=92s

Ийнхүү Хэрлэн замналдаа мастерс, их дуулга, гран при тэмцээнүүдээс нийт 18 медаль (5-3-10)-тай боллоо.