“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит зургаа дахь удаагийн хуралдаанаар Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм байна.