Монголын хөл бөмбөгчид Японы шигшээ багтай Чиба хотод нь тоглохоор бэлтгэлээ базааж байна

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг “Катар 2022” 22 дахь удаагийн ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтоо маргааш Японы багтай хийх гэж байна. Тоглолт Монгол улсад зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хоригийн улмаас Японы Чиба хотын Фүкүда Денши хэмээх 18.5 мянган хүний суудалтай, тус хотын клуб болон Японы шигшээ багийн тоглодог цэнгэлдэхэд болно. Тоглолт орон нутгийн цагаар 19:30, Улаанбаатарынхаар 18:30-д эхэлнэ. Тухайн өдрийн үд дундад Чиба хотноо бороо орох төлөвтэй ч 19:00 цаг орчимд 18 орчим хэмийн дулаан, хур тунадасгүй байх юм байна. Монгол, Японы шигшээ багууд өмнө нь 2019 оны 10-р сард Сайтама цэнгэлдэхэд тоглоход 6:0-ийн харьцаатай талбайн эздийн хожлоор тоглолт өндөрлөж байсан юм. Тухайн үед Монголын багийн эсрэг гоол оруулсан Такуми Минамино, Маяа Ёшида, Ватару Эндо, Дайчи Камада нар энэ удаад ч бүрэлдэхүүндээ багтсан. Японы шигшээ баг өнгөрсөн 25-нд БНСУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийсэн бүрэлдэхүүнийг танилцуулья: 

Гараанд: 

Хаалганд - Шүичи Гонда (32, Шимизу С-Палс /Япо/) 

Хамгаалалтад: Маяа Ёшида (32, Сампдория /Ита/), Шо Сасаки (31, Санфречче Хирошима /Япо/), Такехиро Томиясу (22, Болонья /Ита/), Мики Ямане (27, Кавасаки Фронтале /Япо/)

Хагас хамгаалалтад - Ватару Эндо (28, Штуттгарт /Гер/), Дайчи Камада (24, Айнтрахт Франкфурт /Гер/), Хидемаса Морита (25, Санта Клара /Пор/), Такуми Минамино (26, Соутхэмптон /Анг/), Жуня Ито (28, Генк /Бел/)

Довтолгоонд - Юя Осака (30, Вердер Бремен /Гер/) 

Сэлгээгээр: 

Хамгаалагч - Рёя Огава (24, Токио /Япо/)

Хагас хамгаалагч - Атару Эсака (28, Кашива Рейсол /Япо/), Кёго Фүрүхаши (26, Виссел Кобэ /Япо/), Хаяао Кавабэ (25, Санфречче Хирошима /Япо/), Ясуто Вакизака (25, Кавасаки Фронтале /Япо/)

Довтлогч - Такүма Асано (26, Партизан /Срб/) 

Азидаа чансаагаар тэргүүлж (дэлхийд 27-д) буй Японы шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд дөрвөн тоглолт хийхдээ бүгдэд нь хожиж, 13 гоол өрсөлдөгч (Мьянмар, Монгол, Тажик, Киргиз)-дийнхөө хаалганд оруулсан 100%-ийн амжилтын 12 оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин хэсэгтээ хоёрт эрэмбэлэгдэн (нийт найман хэсгийн хоёрдугаар байрын багуудаас эхний дөрөв нь гурав дахь шатанд шалгарах боломжтой) ДАШТ-ий сонгон шалгаруулалтаа үргэлжлүүлэхийн төлөө Тажикистан, Киргиз, Мьянмарын багууд өрсөлдсөн хэвээр байгаа юм. Монголын хөл бөмбөгчид зургаан тоглолтоос гурван оноотой хэсэгтээ сүүлийн байрт бичигдэж байгаа. Монголын багийн хувьд 25-нд Тажикистаны багт хожигдсоноор ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдсан билээ.