Серхио Агуэро энэ зун багаа орхино 

Английн хөл бөмбөгийн Манчестер Сити клубийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хөл бөмбөгчин Серхио Агуэро энэ зун багаа орхихоор болжээ. Одоо 32 настай аргентин хөл бөмбөгчний Премьер лигийн багтай байгуулсан гэрээ нь энэ улирлаар дуусгавар болж байгаа юм байна. Тэрбээр 2011 онд Испанийн Атлетико Мадрид клубээс Манчестер хотын багт нэгдэж өдийг хүртэлх хугацаанд 384 тоглолтод оролцон 257 гоол оруулсан төдийгүй Английн дээд лигийн аваргаар дөрөв, Английн хөл бөмбөгийн холбооны цом болон Лигийн цом тэмцээнүүдэд тус бүр таван удаа түрүүлжээ. Мөн тэрбээр Премьер лигт хамгийн олон гоол оруулсан бусад орны тоглогч төдийгүй тус лигт оруулсан 181 гоолоороо түүхэн жагсаалтын дөрөвт эрэмбэлэгддэг юм. Ялангуяа түүний замналын мартагдашгүй мөчөөр 2011/12 оны улирлын төгсгөлд Куйнз Парк Рейнжерс багийн эсрэг тоглолтын шүүгчийн мэдлийн цагт оруулсан гоолын ачаар Манчестер Сити 44 жил хүлээсэн Английн дээд лигийн аваргын цомоо хүртэж байсныг нь нэрлэж болох юм. Манчестер Сити клуб түүнд хүндэтгэл үзүүлж Этихад цэнгэлдэхийн гадна, багийн хамтрагч асан Винсан Компани, Давид Силва нарын дэргэд хөшөөг нь байгуулах юм байна. Тэрбээр энэ улирал өвчин, бэртлийн улмаас Премьер лигт ердөө найман тоглолтод л оролцон нэг гоол оруулжээ.