Майами Опен тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод шилдэг найм тодорч эхэллээ 

Талбайн теннисний Майами Опен тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод шилдэг найм тодорч эхэллээ. Тус тэмцээнд ганцаарчилсан тоглолтоор түрүүлсэн теннисчин чансаандаа 1000 оноо нэмж, 300.110 ам.долларын шагнал хүртэх юм байна. 

Чансаагаараа хоёрт эрэмбэлэгдэн оролцож буй их дуулга тэмцээний дөрвөн удаагийн аварга, 23 настай япон теннисчин Наоми Осака анх удаа Майами Опен тэмцээний шилдэг наймд шалгарчээ. Тэрбээр дөрөв дэх шатанд Бельгийн теннисчин Элизе Мертенсийг 6:3, 6:3-аар дараалан хожсон юм. Тоглолт цаг хагас үргэлжилжээ. Хоёр теннисчний халз тоглолтын харьцаа 3:1 болсон байна. Ялангуяа сүүлийн гурван тоглолтод япон теннисчин дараалан хожлоо. Тэрбээр “Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Би багаасаа л энд тоглож буй хүмүүсийг харж өссөн. Тиймээс мэдээж үнэхээр онцгой санагдаж байна. Хэдий энэ миний оролцох дуртай тэмцээнүүдийн нэг ч харамсалтай нь өмнө нь хоёр дахь долоо хоногт тоглохоор шалгарч байсангүй” хэмээн тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм. Ингэснээр Наоми Осакагийн ялалтын цуврал 23 болсон юм. 2000 оноос хойш Уильямсын эгч дүүс, Виктория Азеренка, Жюстин Хенин гэсэн дөрвөн теннисчин л ийм цуврал гаргаж байжээ. Одоо тэрбээр шөвгийн наймд грекийн теннисчин Мария Саккаритай тоглохоор болоод байгаа юм. 

Мөн тэмцээнд оролцож буй хамгийн өндөр чансаатай теннисчин Эшли Барти шөвгийн наймд шалгараад байна. Тэрбээр дөрөв дэх шатанд Беларусийн алдарт теннисчин Виктория Азеренкатай тоглож 6:1, 1:6, 6:2-оор ялсан юм. Энэ жил чансаагаараа 14-т эрэмбэлэгдэн оролцож буй нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж явсан 31 настай Виктория Азеренка өмнө нь 2009, 2011, 2016 онуудад Майами Опен тэмцээний аваргаар тодорч байсан бол Эшли Барти хамгийн сүүлд буюу 2019 онд болоход нь түрүүлж байлаа. Өнгөрсөн жил цар тахлын улмаас энэ тэмцээн болоогүй юм. Цомыг хамгаалагч Эшли Барти Майами Опен тэмцээнд байгуулсан ялалтын цувралаа ес болгож, ялангуяа Азеренкагийн эсрэг халз тоглолтод 2:1-ээр хошуучилж эхэллээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй австрали бүсгүй тоглолтын дараа “Викагийн эсрэг тоглох гэж байгаа бол эхнээсээ л бүх зүйлд бэлэн байх ёстой. Бид эхний сетд сайн тоглосон гэж бодож байна. Тэр хэд хэдэн жижиг алдаа гаргаж надад боломж олгосон. Харин хоёр дахид тэр хавьгүй эрч хүчтэй байлаа. Ялангуяа эхэн хэсэгт нь би түүний эсрэг, ялангуяа шинэ бөмбөгөөр өрсөлдөхөд хангалттай чадварлаг байсангүй. Вика бол хошуучлагч. Тэр бол урд эгнээний гүйгч, дэлхийн шилдэг” хэмээн өрсөлдөгчийнхөө тухай ярьжээ.