Португал, Серби, Бельги, Туркийн багууд хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ 

ДАШТ-ий Европын бүс дэх сонгон шалгаруулалтын тоглолтууд Улаанбаатарын цагаар урьд шөнө үргэлжиллээ. 

Улаанбаатарын цагаар шөнийн 01:00-ээс эхэлсэн хоёр тоглолтын нэгд Сербийн шигшээ Александар Митровичийн хоёр гоолоор хожлоо. 26 настай Фулхэмийн тоглогч шигшээ багтаа хийсэн гурван тоглолтод таван гоол орууллаа. Мөн Сербийн шигшээн төлөө 40 гоол оруулсан анхны тоглогч болжээ. Эй хэсэгт Криштиану Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны эхний гоолоо оруулж Португалын шигшээ Люксенбургийг 3:1-ээр буулгаж авснаар долоон оноотой болсон юм. Өөрөөр хэлбэл Португал, Сербийн багууд ижил долоон оноо (2-1-0)-той байна. 

Харин 01:00 цагаас эхэлсэн нөгөө тоглолтод Киприйн шигшээ 1:0-ээр ялснаар гурван тоглолтоос дөрвөн оноо (1-1-1)-той боллоо. Нутгийнхаа Апполон клубд тоглодог, 24 настай Йоннис Питтасын шигшээ багтаа оруулсан анхны төдийгүй, Киприйн багийн энэ тэмцээний анхны гоол байлаа. 

Эйч хэсэгт Хорватыг хожиж ДАШТ-ий урьдчилсан шатыг эхлүүлсэн Словеничүүд дараалан ялагдлаа. Харин Эйч хэсэгт хорватчууд дараалан хожсоноор зургаан оноо (2-0-1)-той тэргүүлж байна. Тэд 3:0-ээр Мальтаг хожиход Иван Перишич эхнийхийг, Лука Модрич торгуулийн цохилтоос удаахыг нь оруулжээ. Харин Оросын багийн дараалан хожсон цувралыг дараалан тэнцээд байсан Словакчууд зогсоож хожигдолгүй цувралаа (1-2-0) үргэлжлүүллээ. 

И хэсэгт гарааны бүрэлдэхүүндээ ихээхэн өөрчлөлт оруулсан Бельгийн баг 8:0-ээр өрсөлдөгчөө бут ниргэхэд хоёр үед тус бүр дөрвөн гоол орсон байна. Мөн хоёр тоглогч дүбль хийжээ. Харин тус хэсэгт болсон Уэльс, Чехийн багуудын тоглолтын сүүлээр Гарет Бэйлийн хөндлөн дамжуулалтаас Даниел Жэймс хожлын ганц гоолыг оруулжээ. Бельги долоон оноо (2-1-0)-той тэргүүлж, Чех дөрөв (1-1-1), Уэльс, Беларус тус тус гурван (1-0-1) оноотой болоод байна. 

Жи хэсэгт Туркийн шигшээ баг Истанбул хотноо 3:3-аар тэнцэж хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсэн юм. Эхний хагаст 2:0-ээр хошуучилсан Туркийн багаас Бурак Йылмаз 4 дэх гоолоо торгуулийн цохилтоос оруулж тоог холдуулсан ч дараа нь Латвичууд хоёр гоол дараалан оруулснаар ДАШТ-ий урьдчилсан шатанд эхний оноогоо авчээ. Харин эхний тойрогт Туркийн багт хожигдсон Нидерландын шигшээ Гибралтарын эсрэг тоглолтын завсарлагааны өмнөхөн нэг гоол оруулсан тэргүүлсэн ч хоёрдугаар хагасын эхээр 10 минутад дөрвөн гоол толилуулж тоог холдуулжээ. Улмаар тоглолтын сүүлээр гурван минутийн зайтай дахин хоёр гоол оруулж үндсэн цаг 7:0-ээр өндөрлөхөд Мемфис Депай дүбль толилуулсан юм. 

Эй хэсэг:        Азербайжан 1:2 Серби, Люксенбург 1:3 Португал 

И хэсэг:          Бельги 8:0 Беларус, Уэльс 1:0 Чех 

Жи хэсэг:       Гибралтар 0:7 Нидерланд, Монтенегро 0:1 Норвеги, Турк 3:3 Латви 

Эйч хэсэг:      Хорват 3:0 Мальта, Кипр 1:0 Словени, Словак 2:1 Орос

Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө мөн тоглолтууд үргэлжилнэ. Армени, Румыний багуудын тоглолт 00:00 цагаас эхлэх бол бусад 14 тоглолт 02:45-аас нэгэн зэрэг явагдах юм. 

Би хэсэг:         Грек /02:45/ Гүрж, Испани  /02:45/ Косово 

Си хэсэг:        Литва /02:45/ Итали, Умард Ирланд /02:45/ Болгар 

Ди хэсэг:        Босни Херцеговин /02:45/ Франц, Украин /02:45/ Казакстан 

Эф хэсэг:        Австри /02:45/ Дани, Молдав /02:45/ Израиль, Шотланд /02:45/ Фарерын арлууд 

Аи хэсэг:        Андорра /02:45/ Унгар, Англи /02:45/ Польш, Сан Марино /02:45/ Албани 

Жэй хэсэг:      Армени /00:00/ Румын, Герман /02:45/ Умард Македон, Лихтенштейн /02:45/ Исланд