ИХ БРИТАНИ 2050 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ТЭГЛЭХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЖЭЭ

Их британийн Ерөнхий сайд Тереза Мэй 2050 он гэхэд Их британи улсын хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүний тулд газар тариалан, зам тээвэр, эрчим хүч зэрэг  бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

Их британид нэг иргэн жилд дунджаар 10 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг гэх тооцоо гарсан нь 24 сая агаарын бөмбөлөг хөөргөсөнтэй тэнцэхүйц хэмжээний үзүүлэлт байгаа юм.

Үүнтэй холбогдуулаад Их Британийн засгийн газар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтынхоо хүрээнд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэг болгох зорилт дэвшүүлээд байна.

Ингэснээр тус улсын тухайд энэ хэмжээний далайцтай зорилт дэвшүүлж байгаа анхны улсаар тодроод байгаа юм.

Жөү Хаус             “Бристол” их сургуулийн уур амьсгал судлалын эрдэмтэн

 "Хүн төрөлхтөн эх дэлхий дээр оршин тогтнож эхэлсэн цагаасаа хойш энэ хэмжээний өөрчлөлттэй тулгарч байсан удаа үгүй. Уур амьсгал хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бид түүнд зохицон аажмаар хувьсах үзэгдэл явагдаж байсан ч харин одоо бүх зүйл маш хурдацтай явагдаж байгаа нь бидэнд дасан зохицох хугацаа олгохгүй байгаа юм"

Сэргээгдэх эрчим хүчний нэгэн хямд төсөр эх үүсвэр бол салхи юм. Их Британийн засгийн газраас 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 30 хувийг салхин цахилгаан станцаас хангахаар зорин ажиллаж байна.

Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэх гол даалгавар ирээдүй хойч үеийнхний маань нуруун дээр очно гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.

Майлс Аллен    “Оксфорд” их сургуулийн профессор

"Бид жил бүр 40 тэрбум тонн хүлэмжийн хий агаар мандал руу ялгаруулчхаад хойч үеийнхэндээ найдаад зүгээр сууж байна. Гэтэл энэ нь бидний үр хүүхдүүд дээр улам хүнд ачаа нэмэрлэж байгааг санах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал тэдний амьдралын салшгүй нэг хэсэг байх болно."

Одоогийн байдлаар дэлхийн агаарын дундаж температурт гарсан өсөлт  аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1 хэмээр өссөн гэх үзүүлэлттэй байгаа бөгөөд судлаачдын мэдээлж байгаагаар энэ нь 1.5-аас дээш хэмээр нэмэгдэхэд дэлхий дахинд олон аюултай өөрчлөлтүүд гарахыг анхааруулсаар байгаа юм.

Хэдийгээр агаарын дундаж температурт гарч буй өсөлтийг цельсийн 1.5 хэмээр хязгаарлах боломжтой ч ингэхийн тулд газар тариалан, эрчим хүч, зам тээвэр тэргүүтэй бүхий л салбарт дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тулгарч байна.