ЕВРОПЫН УЛС ОРНУУДААР ХЭТ ХАЛАЛТ НҮҮРЛЭЖЭЭ

Европт энэ долоо хоногт хэт халалт нүүрлээд байгаагийн улмаас улс орнуудын засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаа мэдэгдэж байна. Франц улсад л гэхэд энэ 6-р сар түүхэн дэх хамгийн халуун сар болох төлөвтэй байгаатай холбогдуулан албаныхны зүгээс иргэдийг сэрүүцүүлэх зориулалттай 900 газрыг шинээр ашиглалтад оруулжээ.

Сахарын цөлөөс ирж буй агаарын халуун урсгалын улмаас энэ долоо хоногт Франц, Герман, Швейцар, Бельги тэргүүтэй европын ихэнх улс орон цельсийн 40 хэм хүртэл халах төлөвтэй байна.

Үүнтэй холбогдуулаад Франц улсад аюулын хоёрдугаар түвшний түгшүүр зарлаж, сэрүүцүүлэх зориулалттай газруудыг олноор нь ажиллагаанд оруулаад байгаа бол Герман улс энэ долоо хоногт түүхэн дэх хамгийн халуун өдөртэйгөө тулгарах эрсдэлтэй байна гэж цаг уурчид мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулаад албаныхны зүгээс ард иргэддээ ус сайн ууж, сүүдэртэй газраар явахыг зөвлөсөн бөгөөд усан бассейн болон агааржуулагчтай газруудыг олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргасан байна.

Аньез Бузин      Франц улсын эрүүл мэндийн сайд

 "Франц улс хэт халалтад бэлтгэлтэй байгаа. Хотын удирдлагууд юу хийх ёстойгоо сайтар мэднэ. Жишээлбэл ихэнх хотуудаар хүмүүст цэвэр усыг хангалттай байлгах, түүнчлэн хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзсэн спортын тэмцээн уралдааныг түр хугацаагаар хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна."

Саймон Трак                     Түргэн тусламжийн эмч

"Архаг хууч өвчтэй эсвэл өндөр настай хүмүүсийн тухайд хэт халалтын үеэр маш сайн ус уух ёстой. Хэрвээ энэ их халуунд шингэний дутагдалд орвол толгой эргэж ухаан алдах, цаашлаад цус харвах зэрэг олон төрлийн хүндрэл бэрхшээлүүд үүсэх эрсдэлтэй. "

Сүүлд 2003 онд тус улсад хэт халалт нүүрлэхэд 15 мянган хүн амь үрэгдсэнээс тэдний ихэнхийг өндөр настай хүмүүс эзэлж байжээ.

Үүнтэй холбогдуулаад франц улсын эрх баригчид аливаа эрсдэлээс сэргийлэн олон нийтийг сэрүүцүүлэх зорилгоор зарим газарт усан оргилууруудыг нэмэлтээр байршуулж, олон нийтийн усан бассейнуудыг үнэ төлбөргүй ажиллуулах шийдвэр гаргасан байна.