ЭНЭТХЭГИЙН МУМБАЙ ХОТОД ҮЕРИЙН ГАМШГИЙН УЛМААС 15 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

Энэтхэгийн эдийн засгийн төв болох 22 сая хүн амтай Мумбай хотод үерийн гамшиг нүүрлээд байна. Хоёр өдрийн турш тасралтгүй орж байгаа аадар борооны улмаас барилгын хана нуран унаж, 15 хүн амь үрэгдсэн талаар албаныхан мэдээлжээ.

Даваа гарагаас эхлэн тасралтгүй орж байгаа хүчтэй аадар борооны улмаас энэтхэгийн Мумбай хотод үерийн гамшиг нүүрлэж, одоогийн байдлаар 15 хүн амь үрэгдээд байна.

Энэхүү байгалийн гамшигтай холбогдуулаад албаныхны зүгээс галт тэрэг болоод онгоцны нислэгийн хуваарийг хойшлуулж, мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан бөгөөд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Мэргэжилтнүүдийн зүгээс жил болгон тулгамдсан асуудал болдог үер усны гамшгийг хот төлөвлөлт муу дээрээс нь барилга байгууламжийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна.

Энэтхэг улсын санхүү, эдийн засгийн төв болсон Мумбай хотод ажлын байрны эрэлд гарсан хүмүүс өдөрт л хэдэн зуугаараа орж ирдэг нь зөвшөөрөлгүй барилга байгууламжийн тоог нэмэгдүүлж байна хэмээн мэдээлжээ.

Амь үрэгдсэн хохирогчдын ихэнхийг барилгын ажилчид эзэлж байгаа бөгөөд олон хоног дараалж орсон аадар борооны улмаас барилгын хана нуран унаж, олон хүний амь эрсэдсэ гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2005 онд Мумбай хотод үерийн гамшиг нүүрлэх үед 900 хүн амь үрэгдэж ихээхэн хэмжээний гарз хохирол учирсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.