Манай улсын нийт хүн амын 59.3 хувь нь амны хаалтыг буруу хэрэглэдэг

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт хэрэглэж заншихыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөөр байгаа. Харин бодит байдал дээр сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд амны хаалтыг тогтмол зүүдэг ч үлгэрлэл үзүүлэх насны томчууд амны хаалт зүүх нь  багассан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Дэлхий дахинд “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж амны хаалтыг тогтмол зүүхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дэлхий дахинд “Ковид-19” халдвар тархсан цагаас хойш монгол улс 11 сарын хугацаанд нийт 20 сая з05 мянган амны хаалтыг импортоор авсан юм байна. Мөн дотоодын үйлдвэрүүд ч амны хаалтыг хэрэглээнд нийлүүлсээр байгаа юм. Гэвч иргэдийн амны хаалт зүүх тохиолдол улам бүр багассаар байна гэж холбогдох байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл иргэдийн хувьд  амны хаалт хэрэглэхэд хүндрэл гардаггүй ч, тогтмол хэрэглэдэггүй гэлээ.

Амны хаалтын хэрэглээтэй холбоотой өөр нэгэн асуудал байгаа нь амны хаалтыг буруу хэрэглэдэг явдал юм. Энэ оны зургаадугаар сараас 8 дугаар сарын хооронд хүн амын дунд хийсэн судалгаанаас үзвэл иргэдийн 59.3 хувь нь амны хаалтыг буруу хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байна. Тодруулбал амны хаалтыг хоёр цаг тутамд солих шаардлагатай байтал өдрийн турш нэг амны хаалттайгаа өнжих цаашилбал олон өдөр хэрэглэх, ам хамрыг ил гаргаж эрүүн доогуураа зүүх, хацар хамраас хөндийрүүлж агаар нэвтрэх боломжийг бүрдүүлэх зэргээр буруу хэрэглэж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Иймээс бүх төрлийн амны хаалтыг хэрэглэж болох ч хамгийн чухал нь зөв хэрэглэж дадах шаардлагатай байдаг байна. Хэрэв гэрийн нөхцөлд даавуун амны хаалт хийж хэрэглэж байгаа бол угаасны дараагаар заавал индүүдэж зүүх хэрэгтэй юм. Мөн бусад амны хаалттай адил хоёр цаг тутамд сольж байх шаардлагатай юм байна.